Шээсний дэлгэрэнгүй шинжилгээ /II хэсэг/

Дотрын өвчин судлал
Namuuntuul Ринченханд Ayush

Микроорганизм — Өвчтний эмнэлзүйн шинж тэмдэгээр бактерурийг илрүүлж болох хэдий ч шээсэнд тухайн бактерийг тодорхойлох шаардлагатай. Мөн шээсэнд мөөгөнцөр их тохиолддог.

Эсүүд — Улаан эс, цагаан эс, эпител эсүүдийн элементүүд шээс ялгаруулах замын аль ч хэсгээс шээсний тунадас байдлаар илэрнэ.

Гематури — Гематури илрэх нь хоргүй ч байж болно эсвэл ямар нэг аюулт өвчнийг заадаг.

204995

Гематури энгийн нүдээр харагдахуйц эсвэл зөвхөн микросокопоор илэрхүйц байдаг. Центрифугидсан шээсний тунадасыг өндөр хүчтэй харах талбайд харахад 2 ба түүнээс дээш улаан эс илрэхийг микроскопийн гематури гэдэг. 1 литр шээсний өнгийг 1 мл цус илт өөрчилдөг учир макро гематурийн үед шээсний өнгө өөрчлөгдөх нь их хэмжээний цус алдалтыг илэрхийлэхгүй. Өмнө нь дурдсанчлан жинхэнэ гематуригүй өвчтнүүдэд шээс улаан, хүрэн өнгөтэй ажиглагдаж болно.

Гематури түр зуурын, тогтворгүй эсвэл байнгын, тогтмол байж болно. Тогтворгүй гематури залуу хүмүүст харьцангуй түгээмэл тохиолдох ба дасгал хөдөлгөөн, бэлгийн хавьтлын дараа илэрнэ. Сарын тэмдэг гематурийн шинжилгээг будилуулж болох тул сарын тэмдэг бүрэн дууссаны дараа шинжилгээг давтана. Тогтворгүй гематури ялангуяа 50-с дээш насныханд хорт хавдрыг илэрхийлж болно. Шээс ялгаруулах замын халдварын (цистит, простатит гэх мэт) үед түр зуурын гематури үүснэ. Энэ үед пиури, бактерури дагалдаж, өвчтөнд дизурийн шинж илэрнэ.

Тогтвортой гематуриг тогтмол үнэлэх хэрэгтэй. Үүний харьцангуй түгээмэл, эмгэг шалтгаанд бөөрний чулуу, хорт хавдар, түүдгэнцрийн өвчнүүд орно. Израилын цэрэг татлагын үеийн судалгаанаас харахад бие даасан, тогтвортой гематури илэрсэн хүмүүсийг 20 гаруй жилийн турш хянахад бөөрний өвчний эцсийн шатанд хүрэх нь 18 дахин илүү тохиолдож байжээ.

Шалтгаан тодорхойгүй гематуриг үнэлэхдээ хамгийн эхлээд түүдгэнцрийн болон түүдгэнцрийн бус шалтгааныг нь ялгана. Изоморф улаан эс нь цусны эргэлтэнд байгаа улаан эстэй ижил төрхтэй  (жижиг, бөөмгүй, 2 талаасаа хүнхэр зээрэнцэг хэлбэртэй) ба гематурийн ямар ч шалтгааны үед ажиглагддаг. Харин дизморф улаан эс нь (морфологи бүтэц алдагдсан) түүдгэнцрийн эмгэгтэй холбоотой. Дизморф улаан эсийг тодорхойлох тогтсон шалгуур байхгүй ба дизморф эсүүдийн эмнэлзүйн хамаарал бүхий харьцаа одоо ч маргаантай төдийгүй түүдгэнцрийн өвчний оношлогоонд дизморф улаан эсийг тодорхойлохын эмнэлзүйн ач холбогдол эргэлзээтэй байгаа.

Мембран нь цүлхийсэн (акантоцит) улаан эсүүд нь дизморф улаан эсүүдийн илт ялгарах хэлбэр хэдий ч гломерулонефритийн оношлогоонд энэ нь мэдрэг чанар 52%, өвөрмөц чанар 98%-тай байна. Гематуритэй өвчтнүүд улаан эсийн цилиндр мөн/эсвэл альбуминуритэй хавсарч илрэх нь гематури түүдгэнцрийн гаралтай байх магадлалыг нэмэгдүүлдэг. Харьцангуй бага тохиолдолд шээсний замын өвөрмөц бүтэцтэй улаан эсүүд системийн өвчнийг илэрхийлдэг. Үүнд: хадуур эст цус багадалтын үеийн хадуур хэлбэрийн улаан эс, гемолизтой өвчтний эллиптоцитууд гэх мэт.

acanthoscytes

Aкантоцитүүд

Пиури —  Шээсэнд цагаан эсийн бүх төрлүүд илэрч болох ч нейтрофил, эозинофил эсүүдийг эмнэлзүйн практикт хамгийн ихээр анхаарч авч үздэг. Нейтрофилүүд хэмжээний хувьд улаан эсээс жижиг, бөөрний сувганцрын эпител эсүүдээс том ба мөхлөгт цитоплазм, олон хэлтэнт бөөмөөрөө ялгагдана. Шээсний замын нейтрофилүүд нянгийн халдвар эсвэл шээсний замын нянгийн колонитой холбоотой хэдий ч бөөрний чулуу, завсрын эдийн нефрит, пролифератив гломерулонефритын үед илэрч болно.

Шээсэнд буй эозинофилүүдийг Ритийн эсвэл Ханзелийн будгаар будахад тунадасжин танигддаг. Эозинофилури илрэх нь харшлын гаралтай завсрын эдийн нефритийн сонгодог маркер болдог. Бусад эмгэгийн үед эерэг гарч болох ч сөрөг гарвал оношийг үгүйсгэж болохгүй. Тиймээс эозинофилурийг илрүүлэх шинжилгээ дангаар харшлын гаралтай завсрын эдийн нефритийн оношийг тавих болон үгүйсгэж чадахгүй.

Эпител эсүүд — Эпител эсүүд шээс ялгаруулах замын аль ч хэсгээс гарч шээсэнд илэрдэг. Бөөрний сувганцрын эсүүд цагаан эсээс 1.5-3 дахин том хэмжээтэй бөгөөд том, дугуй хэлбэр, төвдөө байрласан бөөмөөрөө танигдана. Эпител эсүүд бөөрний тэвшинцрээс шээлүүрийн проксимал хүртэлх хэсгээс үүсэлтэй ба бөөрний сувганцрын эпител эсүүдээс үл ялиг том хэмжээтэй ба лийр юмуу зуйван хэлбэртэй.

ep cells

Хавтгай эпител эсүүд нь шээлүүрийн дистал хэсэг эсвэл гадна бэлэг эрхтэн орчмоос гаралтай. Эдгээр нь том хэмжээтэй, жигд бус хэлбэртэй, төвдөө жижиг бөөмтэй бөгөөд шээсэнд илрэх нь бэлгийн шингэнээр бохирлогдсоныг илтгэнэ.

Бортгонцор /Цилиндури/ — Бортгонцор гэдэг нь сувганцрын хөндийд үүссэн цилиндр хэлбэрийн бүтэц бөгөөд үүнийг үүсгэхэд шээсний зогсонгишил, рН бага байх, шээс концентраци ихтэй байх зэрэг нөлөөлнө. Бортгонцрууд нь бөөрний сувганцрын хэлбэр, хэмжээг илтгэдэг. Бүх бортгонцруудын органик матрикс Там-Хоршфалын мукопротейноос бүтэх ба энэ нь бортгонцрын үндсэн бүтцийг бүтээдэг. Тухайн эсүүдийн болон эсийн матрикст бэхлэгдсэн бусад элемэнтүүдээс хамаарч бортгонцрууд шинж чанар тодорхойлогддог.

cast type

Бортгонцрын зарим төрлүүд

Зарим бортгонцрууд эрүүл хүмүүст илэрч болох бол зарим нь бөөрний эмгэгийн оношлогооны чухал үзүүлэлт болдог. Бортгонцрууд нь бөөрний гаралтайг заах оношлогооны ач холбогдолтой тул бортгонцор доторхи эсүүдийг ажиглах нь маш чухал.

Улаан эсийн бортгонцор — Улаан эсийн бортгонцор 1 ширхэг л илрэхэд түүдгэнцрийн гематури буюу олон янзын шалтгаанаас үүсэх гломерулонефритийг заана. 1 судалгаанаас үзэхэд биопсигоор батлагдсан завсрын эдийн цочмог нефриттэй 21 өвчтний 6-ийн шээсэнд улаан эсийн бортгонцор илэрсэн. Энэ нь үрэвсэлтэй завсрын эдээс сувганцар луу улаан эс нэвтрэн гарч бортгонцор үүсгэснийг илтгэнэ.

Цагаан эсийн бортгонцор— Цагаан эсийн бортгонцор илрэх нь халдварын (пиелонефрит гэх мэт) болон халдварын бус (завсрын эдийн нефрит, пролифератив гломерулонефрит гэх мэт) шалтгаантай бөөрний үрэвслийг заадаг.

Бөөрний сувганцрын эпител эсийн бортгонцор — Сувганцрын цочмог үхжил, завсрын эдийн цочмог нефрит, пролифератив гломерулонефрит зэрэг сувганцрын эпитилийн дэсквамаци болсон үед эпител эсийн бортгонцор ажиглагддаг.

Мөхлөгт бортгонцор— Мөхлөгт бортгонцрууд нь сөнөрөлд орсон эсийн бортгонцорыг эсвэл бортгонцрын матрикс дахь уургуудын агрегацийг заадаг. Мөхлөгт бортгонцрууд гөлгөр, барзгар хэлбэртэй байдаг ч энэхүү 2-ийг ялгах эмнэлзүйн ач холбогдол тодорхойгүй байгаа. Гүн будагдсан мөхлөгт бортгонцор (жишээ нь: шавран бор эсвэл гем-мөхлөгт бортгонцор) буюу барзгар хэлбэр нь хэвтэж эмчлүүлж буй өвчтөнд бөөрний цочмог гэмтэл үүсгэх тэргүүлэх шалтгаан болох сувганцрын цочмог үхжлийн шинжийг заана.

Гиалинт бортгонцор — Гиалинт бортгонцор нь уснаас үл ялиг рефрактив шинж чанартай ба өнгөгүй, тунгалаг харагддаг. Концентраци ихтэй бага хэмжээний шээсэнд эсвэл диуретик эмчилгээний үед ажиглагддаг бөгөөд ерөнхийдөө өвөрмөц бус байдаг.

Лав хэлбэрийн бортгонцор — Лав хэлбэрийн бортгонцор нь мөхлөгт бортгонцрын дегенерацийн сүүлийн шатыг илэрхийлдэг. Нэгэн төрлийн бүтэцтэй ба хурц шүдтэй, бараан өнгийн ирмэгтэй тул илүү ялгаатай харагдана. Лав бортгонцор нь өвөрмөц бус бөгөөд бөөрний хурц, архаг олон эмгэгийн үед ажиглагдана.

Өргөн бортгонцор — Нэрнээс нь харахад л бүтэц нь бусдаасаа илүү өргөн учир урсгал багатай, өргөссөн том сувганцарт үүсдэг. Өргөн бортгонцор илрэх нь хүндэрсэн бөөрний архаг өвчинтэй холбоотой.

Липидурийг үнэлэх нь— Холестролын нийлмэл эфир, бага зэргийн холестролоос бүтсэн липидийн дуслууд нефроз хамшинжтэй өвчтнүүдийн шээсний шинжилгээнд түгээмэл тохиолддог. Эдгээр өөхөн дуслууд сувганцрын гуужсан эсүүд дотор (зуйван өөхөн бие) эсвэл бортгонцор дотор (өөхөн бортгонцор) чөлөөт хэлбэрээр байдаг. Туйлшруулсан гэрэлд өөхөн дуслууд Мальтийн чагт (Maltese cross) шиг харагдана.

maltese cross

Мальтийн чагт хэлбэрийн липидүүд

maltese cross-1

“Мальтийн чагт” дүрс

Өөхөн дуслууд дугуй хэлбэртэй тул улаан эстэй андуурагдаж болзошгүй.  Гэхдээ гэрлийн микроскопид олон янзын хэлбэр (улаан эсээс маш том эсвэл жижиг) дүрсээрээ улаан эсээс ялгагдаж, бараан хүрээ болон туйлшруулсан гэрэлд “Мальтийн чагт” илэрнэ.

Шээсний замын липид хаанаас үүсэлтэй нь бүрэн судлагдаагүй. Хамгийн эхлээд липопротейнтэй холбогдсон холестрол ялангуяа өндөр нягтралтай липопротейн-холестрол бүрдэл фильтрацлагдана. Эрүүл хүмүүст липопротейний фильтраци бага байх боловч нефроз хамшинжийн үед түүдгэнцрийн макромолекулуудыг нэвтрүүлэх чанар ихэссэн үед илэрхий нэмэгдэнэ. Фильтрацлагдсан зарим липопротейнууд ойрын тахир сувганцарын эсүүдээр эргэн шимэгддэг. Эс дескавамацлагдсан үед холестролууд шээсний тунадасанд дугуй өөхөн бие байдлаар харин липидүүд эсийн гадна гарч ирсэн үед чөлөөт дуслууд байдлаар эсвэл өөхөн бортгонцор дотор харагдана.

Түүдгэнцрийн өвчний үед түүдгэнцрийн нэвтрүүлэх чанар нэмэгдсэнтэй холбоотойгоор зарим хэлбэрийн үед липидури нь оношлогооны ач холбогдолтой байдаг. Гэхдээ үүнд аутосомийн доминант гений олон уйланхайжих бөөрний өвчин орохгүй. Нэгэн баримтаас үзэхэд дээрхи өвчтэй, дипстик тестээр протейнури дунджаар 1+ байсан 35 өвчтний 21-т нь шээсний замын дугуй өөхөн биеүүд илэрсэн байна. Бөөрний уйланхайнаас аспирац хийж үзэхэд шингэнд нь дугуй өөхөн биеүүд илэрсэн ба уйланхайн ханыг бүрдүүлж буй эпител эсүүд дотор липидийн дуслууд байсан. Түүдгэнцрийн бус эмгэг тухайлбал, архаг болон цочмог завсрын эдийн нефрит, ховор тохиолдолд бөөрний өмнөх азотемийн үед липидури илрэнэ.

Бөөрний өвчин ба шээсний шинжилгээний өөрчлөлтийн хамаарал

Шээсний олон янзын өөрчлөлтүүд бөөрний өвчний тодорхой ангиллуудыг заадаг. Бүх оношлогооны тестүүдийн адил шээсний шинжилгээний хариуг тухайн өвчтний түүх, бодит үзлэг, бусад лабораторын шинжилгээний хариутай уялдуулж тайлбарлана. Дараах өөрчлөлтүүд хамааруулж авч үзнэ. Үүнд:

Гематуриг дизморф улаан эс, бортгонцор, протейнурийн хамт — Гематури, дизморф улаан эс, бортгонцор, протейнурийн мөн/эсвэл липидури хавсарч илрэх нь түүдгэнцрийн эмгэгийг заана. Дизморф шинжүүд үгүй, дан гематури илрэх нь түүдгэнцрийн эмгэгүүдийг найдвартайгаар үгүйсгэхгүй.

Гематуритай хавсарсан эсвэл хавсраагүй их хэмжээний протейнури — Их хэмжээний протейнури нь дугуй өөхөн биеүүд, өөх ачаалсан бортгонцрууд, гематуритэй эсвэл дангаар илрэх нь хүнд зэргийн чихрийн шижингийн нефропати зэрэг түүдгэнцрийн бус эмгэгүүдийг заадаг. Нэмж хэлэхэд дээрхи өөрчлөлт мембраноз нефропати, голомтот сегментийн гломерулосклероз, бага зэргийн өөрчлөлтөт өвчин, амилойдозын үед анхдагч ба хоёрдогч байдлаар илэрнэ.

Мөхлөгт эсвэл эпител эсийн бортгонцор— Бөөрний цочмог гэмтэлтэй өвчтөнд сувганцрын чөлөөт эпител эсүүд хавсарч эсвэл дангаар олон мөхлөгт мөн/эсвэл эпител эсүүдийн бортгонцрууд илэрвэл сувганцрын цочмог гэмтлийг хүчтэй заадаг. Гэхдээ энэ илрэхгүй байлаа ч оношийг үгүйсгэхгүй.

Сувганцрын эпител эсүүдэд цус хомсролын эсвэл хордлогын гэмтэл үүссэн өвчтнүүдэд эсийн үхэл эсвэл эс хоорондын болон эс-суурин мембраны хоорондох адгези байдал гажсаны улмаас эсүүд гуужсанаар мөхлөг мөн/эсвэл эпител эсийн бортгонцрууд үүсдэг.

Бөөрний цочмог гэмтэлтэй хэвтэн эмчлүүлж буй 267 өвчтний шээсэн дэх мөхлөгт бортгонцрууд,  сувганцрын эпител эсүүдийн тоо хэмжээг оношлогооны хэрэгсэл болгон үнэлсэн байна. Шээсний шинжилгээг авахаас өмнө мэргэшсэн эмч нар сувганцрын цочмог үхжил, преренал бөөрний цочмог гэмтэл болон бусад өвчний оношийг тавьсан байсан. Бөөрний биопси шинжилгээг заавал хийх ёсгүй тул сувганцрын цочмог үхжил үү эсвэл преренал эмгэг үү гэдгийг тодорхойлохын тулд 48 цагийн хугацаанд шингэн хийж, гемодинамикийг тогтвортой барихад бөөрний үйл ажиллагаа хэр сайжирснаар нь дүгнэжээ. Дараах ажиглалтыг хийсэн байна. Үүнд:

  • Шээсний шинжилгээний өмнөх сувганцрын цочмог үхжлийн оношийн (өвчний түүх, бодит үзлэг, бусад шинжилгээнд үндэслэн) таамаглалын 86% эерэг байсан. Өвчтнүүдийн шээсний шинжилгээнд хамгийн багадаа 1 мөхлөгт бортгонцор эсвэл сувганцрын эпител эс илрэхэд оношийн таамаглал 100% эерэг болж нэмэгдсэн. Шээсний шинжилгээний өмнө сувганцрын цочмог үхжил оношлогдож, мөхлөгт бортгонцор болон сувганцрын эпител эсүүд илрээгүй өвчтний 44% -д нь дээрх онош эцсийн байдлаар тавигдсан. Тиймээс шээсний шинжилгээнд мөхлөгт бортгонцор, сувганцрын эпител эсүүд илрээгүй байсан ч энэхүү оношийг тавигдах боломжтой.
  • Шээсний шинжилгээ хийгдэхээс өмнөх преренал бөөрний цочмог гэмтлийн оношийн таамаглал 77% эерэг байсан. Эдгээр өвчтнүүдэд мөхлөгт бортгонцор, сувганцрын эпител эсүүд илрээгүй нь дээрхи оношийг эцсийн байдлаар тавихад таамаглалыг 91% болгож нэмэгдүүлсэн.

Шээсэнд мөхлөгт бортгонцор, сувганцрын эпител эсүүд илрэх нь бөөрний цочмог гэмтлийн давшлыг илэрхийлж болно. Нам хүчтэй талбайд 6 ба түүнээс дээш мөхлөгт бортгонцор (сувганцрын эпител эс үгүй), өндөр хүчтэй талбайд 6 ба түүнээс дээш сувганцрын эпител эсүүд илэрсэн (мөхлөгт эс үгүй) эсвэл хоёул хамт тодорхой тоогоор илэрсэн өвчтнүүдэд бөөрний үйл ажиллагааны доройтол, диализад эрт орох, нас баралт дээрхи 2 илрээгүй өвчтнүүдээс илүү их тохиолдсон. (54-67% : 9% харьцаатай)

Австралид бөөрний цочмог гэмтэлтэй өвчтөнд хийгдсэн судалгаанаас дүгнэхэд “шээсний микроскопийн оноо” (мөхлөгт бортгонцор, сувганцрын эпител эсүүдийн тоогоор тодорхойлдог боловч өмнөх судалгаануудаас үл ялиг ялгаатай онооны үнэлэх системтэй) өндөр байх нь гэмтэл илүү хүндэрч, диализ шаардлагатай болсонтой уялдана. Үжилтэй өвчтнүүдийг үжилгүй өвчтнүүдтэй харьцуулахад шээсний микроскопийн оноо илүү өндөр байдаг ч сийвэнгийн креатинины концентраци, олигоурийн хэмжээ ижил байдаг. Энэхүү судалгаанаас үзэхэд шээсний тунадасын шинжилгээ нь бөөрний цочмог гэмтэлтэй өвчтнүүдийн тавиланг тодорхойлоход нэмэлт мэдээллийг өгч байна.

Дан пиури — Үтрээний шингэнээр холилдоогүй үед пиури дангаар илрэх нь шээс ялгаруулах замын халдварыг (жишээ нь сүрьеэ гэх мэт ердийн нянгийн өсгөвөрт сөрөг байдаг) заадаг. Ариун пиури нь шинж тэмдэггүй бөөрний чулуу, сувганцар-завсрын эдийн эмгэгийг (тухайлбал өвчин намдаалтын шалтгаант нефропати- analgesic nephropathy) заадаг.

Хэвийн эсвэл хэвийндүү шээсний шинжилгээ— Бөөрний цочмог гэмтэлтэй өвчтнүүдийн шээсний шинжилгээ харьцангуй эрүүл (үл ялиг протейнури хавсарсан болон хавсраагүй цөөхөн эсүүд, мөн гиалинтаас бусад бортгонцор үгүй) байх нь сувганцрын цочмог үхжилтэй холбоотой хэдий ч дараах эмгэгүүдийг илэрхийлж байж болно.

  • Преренал бөөрний цочмог гэмтэл
  • Шээс ялгаруулах замын бөглөрөл
  • Гиперкальциеми
  • Түгмэл миеломын бортгонцорт нефропати
  • Түүдгэнцрийн цус хомсролд (жишээ нь артерийн даралт ихдэлтийн криз, склеродерм, бүлэнт микроангиопати ) хүргэдэг эсвэл түүдгэнцрийн гаднах судсанд (жишээ нь холестролын атероэмболи, полиартерит нодоза) нөлөөлдөг судасны өвчтнүүд
  • Хавдрын задралын хамшинж
  • Фосфатын цочмог нефропати

Бөөрний архаг өвчтэй өвчтнүүдэд шээсний шинжилгээ хэвийн байх нь үр ашигтай цусны эргэлтийн эзэлхүүний тогтвортой бууралтын үед жишээ нь зүрхний дутагдал, шээс ялгаруулах замын бөглөрөл, сувганцар-завсрын эдийн архаг өвчнүүд, миеломын бортгонцор нефропати, цус хомсролын эсвэл артерийн даралт ихдэлтийн нефросклерозтой өвчтнүүдэд тохиолдоно.

Дүгнэлт

  • Шээсний бүрэн шинжилгээ нь тойм үнэлгээ, дипстик шинжилгээ, шээсний тунадасын микроскопи шинжилгээнээс бүрдэнэ. Шээсний бүрэн шинжилгээг дараах тохиолдолд хийх хэрэгтэй. Үүнд:
  • Бөөрний өвчин нотлогдсон өвчтнүүдэд: жишээ нь альбуминури эсвэл түүдгэнцрийн шүүлтийн хурд цочмог болон архагаар буурсан үед.
  • Бөөрний өвчин сэжиглэгдсэн өвчтнүүдэд: эмнэлзүйгээр /хаван гэх мэт/ эсвэл бөөрний өвчнүүдтэй зонхилон хавсардаг бусад өвчнүүдэд / идэвхитэй хэлбэрийн системийн чонон яр, хоёрдогч артерийн даралт ихдэлт/ үндэслэн бөөрний өвчин сэжиглэгдсэн.
  • Бөөрний чулуутай нь нотлогдсон эсвэл сэжиглэгдсэн өвчтнүүдэд: Шээсний дэлгэрэнгүй шинжилгээгээр чулуу үүсгэсэн талстуудыг илрүүлэх
  • Мөн дипстик шинжилгээний хариуг батлах зорилгоор шээсний дэлгэрэнгүй шинжилгээ хийх шаардлагатай.

Найдвартай хариу гаргахын тулд шээсийг бүрэн зөв цуглуулах ёстой ба ингэснээр оношлогоог илүү сайжруулна. Дараах техникүүдийг ямагт мөрдөхийг хичээх хэрэгтэй.

  • Шээсийг хуурай, цэвэр саванд хийж авах;
  • Тухайн хүн гадна бэлэг эрхтнийг угаасан байх ба шээсний дунд хэсгээс шинжилгээнд өгөх;
  • Давсагны байнгын катетертай өвчтнүүдийн дөнгөж ялгарсан шээсийг авч /катетрийн гуурснаас шууд авч/ шинжлэх ба урометр болон шээсний уутнаас авахгүй байх. Ингэснээр шээсний замын халдвар болон уутанд үлдсэн шээснээс бусад хэсэгтэй холилдохоос зайлсхийнэ.
  • Тасалгааны температурт шээсийг 2 цагийн дотор шинжлэх хэрэгтэй. Хэрэв боломжгүй бол шээсийг 2-8°С температурт хөргөх ба шинжлэхээс өмнө эргээд тасалгааны температуртай болгоод шинжилнэ.
  • Эрүүл хүний шээс тунгалаг, цайвар шаргал өнгөтэй байна. Янз бүрийн тохиолдолд шээс тунгалаг чанар, өнгөнд өөрчлөлт ордог.
  • Шээсний дипстик тест нь шээсний шинж чанарыг реагент туузан дээрхи дараалсан тест падууд дээр үнэлдэг хагас-чанарын, түргэвчилсэн шинжилгээний арга юм. Ихэнхи дипстикүүд шээсний үндсэн параметрүүд болох: гем, лейкоцит эстераз, нитрит, альбумин, устөрөгчийн ионууд, өвөрмөц гравитаци, глюкоз зэргийг үнэлэх боломж олгодог.
  • Шээсний тунадасын микроскопи шинжилгээгээр дипстик тестийн хариуг баталгаажуулж, тодруулдагаас гадна дипстик тестээр илрээгүй бусад бүтцүүдийг (эпител эсүүд, бортгонцор, талстууд гэх мэт) тодорхойлох боломжтой тул шээсний шинжилгээний хамгийн чухал хэсэг болдог.
  • Шээсний тунадасыг шинжлэхэд хамгийн багадаа 10 мл хэмжээтэй шээсийг 3000 rpm-т 5 минут центрифугидна. Дараа нь дээд хэсгийн ихэнхийг асгаад, бөмбөлгүүдийг хуруу шилэнд ресуспензлэн /resuspend pellets/ зөөлөн сэгсэрнэ. Дахин суспензлэгдсэн тунадасаас 50 микроЛ орчмыг дусаагуураар авч, тавиур шилэн дээр түрхээд дээрээс нь бүрхүүл шил тавина.
  • Цайвар талбайд (боломжтой бол, фаз- контраст) бинокуляр толгойтой гэрлийн микроскопоор туйлшруулагч филтерийг ашиглана.
  • Микроскопийн шинжилгээгээр дараах эмнэлзүйн ач холбогдол бүхий бүтцүүдийг тодорхойлно. Үүнд:
  • Талстууд, тухайлбал шээсний хүчлийн талстууд, кальцийн фосфат, кальцийн оксалатын талстууд, цистиний талстууд, магни аммони фосфатын талстууд
  • Нян, мөөгөнцөр
  • Улаан эс. Гематури илрэх нь хоргүй ч байж болно эсвэл ямар нэг аюулт өвчнийг заадаг.
  • Цагаан эс
  • Бөөрний сувганцрын эсүүд, шилжвэр эпител эсүүд, хавтгай эпител эсүүд. Бэлгийн даавраар бохирлогдсон үед хавтгай эпител эсүүд илэрнэ.
  • Түүдгэнцрийн гематури улаан эсийн бортгонцорыг илтгэх оношлогооны ач холбогдолтой ба эмнэлзүй нь бүрдсэн үед пролифератив гломерулонефритийг заадаг.
  • Цагаан эсийн бортгонцрууд нь бөөрний үрэвслийг илэрхийлнэ. Үрэвсэл халдварын (жишээ нь пиелонефрит) эсвэл халдварын бус (жишээ нь завсрын эдийн нефрит, пролифератив гломерулонефрит) шалтгаантай байна.
  • Бөөрний сувганцрын эпител эсүүд сувганцрын эпителийн дескавамацийн үед ажиглагдана. Үүнд: сувганцрын цочмог үхжил, завсрын эдийн цочмог нефрит, пролифератив гломерулонефрит гэх мэт.
  • Мөхлөгт бортгонцор нь сөнөрөлд орсон эсийн бортгонцор буюу бортгонцрын матрикс доторх уургын агрегациийг илэрхийлнэ. Гүн будагдсан мөхлөгт бортгонцор (жишээ нь: шавран бор эсвэл гем-мөхлөгт бортгонцор) буюу барзгар хэлбэр нь сувганцрын цочмог үхжлийн шинжийг заана.
  • Гиалинт бортгонцор нь уснаас үл ялиг рефрактив шинж чанартай ба өнгөгүй, тунгалаг харагддаг. Концентраци ихтэй бага хэмжээний шээсэнд эсвэл диуретик эмчилгээний үед ажиглагддаг бөгөөд ерөнхийдөө өвөрмөц бус байдаг.
  • Холестролын нийлмэл эфир, бага зэргийн холестролоос бүтсэн липидийн дуслууд нефроз хамшинжтэй өвчтнүүдийн шээсний шинжилгээнд түгээмэл тохиолддог.
  • Шээсний олон янзын өөрчлөлтүүд бөөрний өвчний тодорхой ангиллуудыг заадаг. Бүх оношлогооны тестүүдийн адил шээсний шинжилгээний хариуг тухайн өвчтний түүх, бодит үзлэг, бусад лабораторын шинжилгээний хариутай уялдаж тайлбарлана.

Эх үүсвэр: www.uptodate.com

Last updated: 14 November 2013