ЦДШ : Гемоглобин

Orgilbold

Гемоглобин аминхүчлүүдээс бүрдсэн глобин уураг, ба төмрийн атом, улаан нөсөө порфириноос тогтсон гемээс тогтдог бөгөөд хүчилтөрөгч, нүүрсхүчлийн давхар ислийг зөөвөрлөдөг улаан эсийн үндсэн бүрэлдэхүүн юм. Энэхүү төмрийн нөсөө хүчилтөрөгчтэй холбогдсоноор цусны улаан өнгийг үүсгэдэг. Гемоглобин грам тутамдаа 1,34 мл хүчилтөрөгч/100 мл цус тээвэрлэх боломжтой. Харин улаан эс бүр харилцан адилгүй хэмжээний гемоглобин агуулах тул цус хүчилтөрөгчийг зөөвөрлөх чадамж улаан эсийн тооноос илүүтэй гемоглобины концентрацитай шууд хамааралтай.

Гемоглобин гэдэг үзүүлэлт цус багадалттай холбоотой өвчнүүдийг илрүүлэх, цус багадалтын хүндийн зэргийг тодорхойлох, цус багадалтын эмчилгээг хянах, полицитемийг үнэлэхэд ашигладаг цусны дэлгэрэнгүй шинжилгээний нэгэн хэсэг юм.

Эсийн гаднах шингэнийг буфферлэхэд гемоглобин маш чухал үүрэгтэй. Хүчилтөрөгчийн концентраци бага үед эд дэх нүүрсхүчлийн давхар исэл, устөрөгчийн ионы хэмжээ өндөр байдаг. рН бага үед гемоглобин-хүчилтөрөгчийн диссоциаци ихсэж устөрөгчийн ионыг хүчилтөрөгчгүй гемоглобин холбосноор рН-ийг ихэсгэнэ. Нүүрсхүчлийн давхар исэл улаан эс рүү нэвчин орж карбо-ангидраз энзимээр бикарбонат, протон болж задрах ба протон нь гемоглобинтой холбогдож, бикарбонат нь эсээс гадагшилдаг. Эс гарч буй бикарбонатын ион бүртэй хлорын ион эс рүү солигдож орно. Энэхүү буфферын тогтолцооны дутагдал үүсэх нь нүүрсхүчлийн давхар исэл, бикарбонатыг гадагшлуулдаг уушги, бөөрний чадамжаас хамаардаг.

Цус багадалтыг гемоглобины хэмжээгээр үнэлэх

Цус багадалтыг гемоглобины хэмжээгээр үнэлэх

Хэвийн үзүүлэлт

  • Эмэгтэй: 12.0–16.0 г/дл буюу 120–160 г/л
  • Эрэгтэй: 14.0–17.4 г/дл буюу 140–174 г/л
  • Хүүхэд:
    • 0–2 долоо хоног: 14.5–24.5 г/дл буюу 145–245 г/л
    • 2–8 долоо хоног: 12.5–20.5 г/дл буюу 125–205 г/л
    • 2–6 сар: 10.7–17.3 г/дл буюу 107–173 г/л
    • 6 сар–1 жил: 9.9–14.5 г/дл буюу 99–145 г/л
    • 1–6 жил: 9.5–14.1 г/дл буюу 95–141 г/л
    • 6–16 жил: 10.3–14.9 г/дл буюу 103–149 г/л
    • 16–18 жил: 11.1–15.7 г/дл буюу 111–157 г/л

Гемоглобин <5.0 г/дл (<50 г/л) байх нь зүрхний дутагдал, үхэлд хүргэх аюултай ноцтой үзүүлэлт юм. Харин >20 г/дл (>200 г/л) бол гемоконцетрацийн уршгаар капиллярууд бөглөрөх аюултай болно.

Ажилбар

  1. Цайвар ягаан тагтай ( EDTA агууламжтай) вакум хуруу шилний дөрөвний гурваас илүүг авна ( багадаа 5 мл цус). Автомат цахилгаан төхөөрөмж гемглобиныг тодорхойлдог ч гар колориметрийн аргыг өргөн ашигладаг.
  2. Дээж цусыг бүлэгнүүлж огт болохгүй, буюу хариу буруу гарна. Тусгай биологийн бүтээгдэхүүний саванд байрлуул.

Эмнэлзүйн хэрэглээ

  1. Гемоглобины түвшин багассан цус багадалт (Гемоглобин, гематокрит, улаан эс буурсан байна). Гемоглобиныг улаан эс, гематокриттэй хослуулж үнэлэх хэрэгтэй.
    1. Төмөр дутагдал, талассеми, хорт цус багадалт, гемоглобинопати
    2. Элэгний эмгэг, гипотиройдизм
    3. Хурц цус алдалт
    4. Дараах шалтгаанаар үүсгэгдсэн цус задралын цус багадалт:
      1. Тохироогүй цус сэлбэлт
      2. Химийн бодис, эмийн урвал
      3. Халдварын шалтгаант
      4. Физик хүчин зүйлийн шалтгаант (ихээхэн түлэгдэлт, зүрхний хиймэл хавхлага)
      5. Системийн өвчин
        1. Коджкины лимфома
        2. Лейкеми
        3. Лимфома
        4. Системийн чонон улайралт
        5. Саркойдоз
        6. Бөөрний холтослогийн үхжил
        7. Бусад
  2. Гемоглобины түвшин ихсэлт:
    1. Жинхэнэ полицитеми
    2. Зогсонгшилт зүрхний дутагдал
    3. Уушгины архаг бөглөрөлтөт өвчин
  3. Гемоглобины түвшин хэлбэлздэг эмгэгүүд:
    1. Цус сэлбэлт, цус алдалт, түлэгдэлтийн дараа тохиолддог (цус алдалтын үед ба дараа түр зуур гемоглобин, гематокрит өндөр байдаг)
    2. Гемоглобины төрлөөс хамаарч янз бүр хэмжигдэх боломжтой
      1. Метемоглобин
      2. Хадуурт эсийн гемоглобин
      3. Ургийн гемоглобин
      4. Дезоксигемоглобин

Эмнэлзүйн санамж

Гемоглобин, гематокрит, улаан эсийн ихсэлт, багасалтыг лабораторын бусад үзүүлэлтүүдтэй харьцуулж үнэлнэ. Ихэнх эмгэгүүдийн үед улаан эсийн эдгээр 3 үзүүлэлт өөрчлөгддөг.

Полицитемийн эмнэлзүйн илрэл: Улаан эс, гематокрит, гемоглобины ихсэлт

Улаан эсийн тоо эмгэгээр ихсэхийг полицитеми гэнэ. Улаан эсийн массыг шууд илрүүлэх олон шинжилгээ байдаг ч ихэнх нь өндөр үнэтэй, төвөгтэй байдаг. Илрүүлгийн зорилго нь гемоглобин, гематокрит үнэлж полицитемийг шууд бусаар илрүүлэх юм. Полицитемийг дараах байдлаар ангилдаг:

  1. Харьцангуй полицитеми: сийвэнгийн хэмжээ буурснаас гемоглобин, гематокрит, улаан эс ихэсдэг (шингэн алдалт, стресс эсвэл тамхидалттай холбоотой улаан эс ихсэх гэх мэт).
  2. Туйлын буюу жинхэнэ полицитеми
    1. Анхдагч (ж нь: жинхэнэ полицитеми, эритемийн эритроцитоз)
    2. Хоёрдогч
      1. Дасан зохицлын
        1. Өндөрлөг бус нутаг
        2. Зүрх уушгины эмгэг
        3. Хүчилтөрөгчийн авцаалт чанар ихсэлт
      2. Дасан зохицлын бус
        1. Бөөрний хавдар, эсвэл уйланхай
        2. Гепатома
        3. Тархины хавдар

Цус багадалтын эмнэлзүйн илрэл: Улаан эс, гематокрит, гемоглобины багасалт

Цусанд эргэлдэж буй улаан эсийн тоо, гемоглобины хэмжээ, гематокрит бууралтаар илэрч буй эмгэгийг цус багадалт гэнэ. Эмгэг физиологийн хувьд дараах механизмуудад үндэслэн ангилна:

  1. Гипопролифератив цус багадалт (улаан эсийн үүсэлт хангалтгүй):
    1. Чөмөгний аплази
    2. Миелофтизийн цус багадалт
    3. Цусны дискразитай цус багадалт
    4. Архаг өвчний үеийн цус багадалт
    5. Эрхтэний дутагдалтай цус багадалт
  2. Боловсролтын гажигийн цус багадалт
    1. Цитоплазм: гипохром
    2. Бөөм: мегалобласт
    3. Хавсарсан: миелодисплазийн хам шинж
  3. Гиперполифератив цус багадалт ( улаан эсийн үүсэлт их ч гемоглобин буюу гематокрит буурсан)
    1. Цус алдалтын: цочмог цус алдалт
    2. Цус задралын: боловсроогүй, улаан эсийн задрал ихэссэн
      1. Дархлалын шалтгаант цус задрал
      2. Анхдагч мембраны
      3. Гемоглобинопати
      4. Хордлогын цус задрал
      5. Гэмтлийн буюу бичил судасны эмгэгийн үеийн цус задрал
      6. Гиперспленизм
      7. Энзимопати
      8. Шимэгчийн шалтгаант цус задрал
  1. Сийвэнгийн усны хэмжээ ихэсснээс үүссэн цус багадалт
    1. Жирэмслэлт
    2. Спленомегали

Хариунд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлс

  1. Өндөрлөг бүс нутагт амьдардаг хүмүүст гемоглобин ихсэхээс гадна гематокрит, улаан эс нэмэгдсэн байдаг.
  2. Хэт их шингэний хэрэглээ гемоглобиныг бууруулдаг.
  3. Хэвийндээ нярайд гемоглобин их байдаг.
  4. Жирэмсэн эмэгтэйд сийвэнгийн хэмжээ ихэсснээс гемоглобин хэвийн үед бага байна.
  5. Зарим эмүүд гемоглобиныг багасгадаг. Үүнд гентамицин, метилдопа багтана.
  6. Хэт их биеийн хүчний ачаалал гемоглобиныг ихэсгэдэг.