Жирэмсэн эхийн TORCH халдварын оношилгоо

Мягмарсүрэн Namuun

ТОRCH бүрдэл нь перинаталь халдваруудыг (жирэмсэн эхээс урагт дамждаг халдвар) товчилсон эмнэлзүйн нэршил юм. TORCH бүрдлийн халдвар нь ургийн гаж хөгжил үүсгээд зогсохгүй ураг эндэхэд чухал нөлөө үзүүлнэ. TORCH халдварын үндсэн ойлголтын талаар энд дарж уншина уу.Өөрөөр хэлбэл энэхүү халдвар нь ихэс болон хорион бүрхүүлийн цэлмэнгээр дамжин ургийн цусанд ордог вирус, бактер, шимэгчийн бүлэг юм.  Цусаар дамжих халдвар нь жирэмсний тээлтийн аль ч үед эсвэл төрөх үед эхээс урагт дамжих боломжтой.

TORCH бүрдлийг тус тусад нь задлан бичвэл:

  • TToxoplasmosis – Токсоплазм
  • OOther infection – бусад халдварууд (Тэмбүү, Варцилла Зостер, Парвовирус В – 19, Листер ба Коксаки вирус)
  • R Rubella – Улаанууд
  • CCytomegalovirus – Цитомегаловирус
  • HHerpes simplex virus – Энгийн херпес вирус

Гепатит В вирусийг бусад халдвар гэсэн ангилалд оруулж болох ч уг вирус ихсийг нэвтэрдэггүй тул ихэс – ургийн хориг гэмтэх, төрөх үед цус алдах, амниоцинтез хийх зэрэгт халдвар дамжих магадлалтай.

TORCH бүрдлийн шинжилгээ

TORCH бүрдлийн шинжилгээ нь жирэмсэн эх ба халдварын шинж тэмдэг илэрсэн нярайд дээрх өвчнүүдийн халдвар байгаа эсэхийг илрүүлэх зорилгоор хийгдэнэ. Цусны дээжинд хийх уг шинжилгээ нь тухайн өвчтний халдвар шинэ эсвэл халдварлагдаж өнгөрсөн эсэх болон халдваргүй байгааг тогтооно. TORCH бүрдлийн эмгэг төрүүлэгчид нь ихсийг нэвтэрдэг тул жирэмсэн үед эдгээр халдварт өртвөл хөгжиж буй урагт нөлөөлж төрөлхийн гаж хөгжил үүсгэх ноцтой хүндрэл үүснэ.

Шинжилгээний хариу нь эерэг эсвэл сөрөг гарах ба IgG ба IgM эсрэг биеэр илэрхийлэгдэнэ. Эрүүл буюу халдваргүй бол эх ба ургийн цусанд IgM “сөрөг” гарна. IgM эерэг байвал шинэ төрсөн нярай тухайн организмаар халдварлагдсан байх өндөр магадлалтай. Эхийн цусанд нийлэгжсэн IgM ихсийг нэвтэрч чадахгүй учир урагт ийм төрлийн эсрэг бие илэрсэн бол идэвхитэй халдвар байгааг илэрхийлнэ. Харин IgM “сөрөг”, IgG “эерэг” бол нярайд халдвар эхээс идэвхгүй хэлбэрээр шилжсэн бөгөөд тухайн хүүхэд идэвхитэй халдварт өртөөгүйг заана.

Түүнчлэн, жирэмсэн эмэгтэйн цусанд вирус эсвэл паразитийн өвөрмөц IgM эсрэг бие тодорхойлогдвол тухайн үүсгэгч шинээр халдварлагдсан байгааг харуулна. Өөр шалтгааны улмаас IgM тодорхойлогдох нь бий тул  оношийг батлахын тулд цаашдын шинжилгээнүүдийг хийх хэрэгтэй. Жирэмсэн эмэгтэйн цусанд халдварын өвөрмөц IgG илэрвэл тухайн үүсгэгчийн халдварт өртөж байсныг заана. 2 долоо хоногийн дараа дахин цусны шинжилгээ хийж эсрэг биеийн түвшинг өмнөх шинжилгээтэй харьцуулна. Хэрвээ 2 дахь цусны шинжилгээнд IgG түвшин өндөр тодорхойлогдвол тухайн эмгэг төрүүлэгчийн халдварт шинээр өртсөн болохыг илэрхийлэх ажээ.


Эх сурвалж:

  • Davidson’s Principles & Practice of MEDICINE -21st edition
  • Novak’s Textbook of Obstetrics – 10th edition
  • TORCH Infections in Pregnancy – Veena Gupta – Jaypee Publication – 2nd edition.
  • William’s Textbook of Obstetrics – 23rd edition
  • Article on Torch infections in Pregnancy – THE BRITISH MEDICAL JOURNAL (BMJ)
  • Article on TORCH INFECTIONS in Pregnancy – AMERICAN COLLEGE OF OBSTETRICS & GYNAECOLOGY (ACOG)