Нүд судлал

Нүдний хараа тэглэх LASIK болон SMILE мэс заслууд

Хэрвээ танд хугарлын гажиг буюу харааны шил зүүх шаардлага байдаг бол нүдний хараа тэглэх мэс заслуудаас өөрт тохирохыг сонгож хийлгэх боломжтой. Нүдний эвэрлэг бүрхүүлийн хэлбэрийг өөрчлөх лазер мэс заслын олон аргуудаас гадна нүдэнд линз суулгах аргууд бас байдаг. Нүдний эвэрлэг бүрхүүлийн хугалах хүчийг өөрчилж торлог бүрхүүлд дүрс бууснаар шил зүүхгүйгээр тод харна гэсэн үг.

Хараа тэглэх мэс засалд тохиромжтой хүмүүс:

  • Харааны шил болон контакт линзний хараат хүмүүс
  • Нүдний ямар нэгэн өвчингүй
  • Харааны шил юмуу контакт линз зүүхэд хараа сайжирдаг бөгөөд хугарлын гажигийн хэмжээ нь тохирох шалгуурт багтсан байх
  • Эрсдэл, хүндрэлүүд болон зарим тохиолдолд тод харахын тулд шил зүүх шаардлагатай гэдгийг ойлгосон байх

Лазер хагалгааны өмнө 2 долоо хоног зөөлөн контакт линз, 3 долоо хоног хатуу линз зүүгээгүй байх шаардлагатай.

Мэс заслын эсрэг заалт:

  • Нүдний хугарлын гажиг тогтворгүй байх
  • Шархны эдгэрэлтэнд нөлөөлөх арьсны болон бусад өвчин
  • Их хэмжээний сорви үүсдэг эсвэл келойд сорви үүсдэг
  • Эвэрлэгийн өвчинүүд
  • Давшингуй нүдний даралт ихдэх өвчин
  • Болрын цайлт
  • Чихрийн шижин тогтворгүй байх

LASIK (Laser in situ keratomileusis)

LASIK мэс заслын үед мэс заслын хутга эсвэл лазер ашиглан эвэрлэгийн сөхдөс үүсгэж хангалттай хэмжээний стромын давхарга үлдэхээр тооцоолж лазер эмчилгээ хийнэ. Үүний дараа эвэрлэгийн сөхдөсийг буцааж хучна.

Шалгуур үзүүлэлтүүд:

  • 18 болон түүнээс дээш насны (21-с дээш насанд хийлгэвэл илүү тохиромжтой)
  • Сүүлийн 1 жилд харааны шилний хэмжээ өөрчлөгдөөгүй
  • LASIK мэс заслаар засагдах боломжтой миопи, гиперметропи, астигматизм
  • Эвэрлэг бүрхүүл нимгэн биш, эрүүл байх
  • Нүдний ямар нэгэн өвчингүй
  • Жирэмсэн эсвэл хөхүүл биш байх

Мэс заслын эрсдэл, хүндрэлүүд:

Мэс заслын явцад эвэрлэгийн сөхдөстэй холбоотой хүндрэлүүд гарч болох бөгөөд энэ тохиолдолд дахин мэс засал хийлгэх шаардлагатай болдог.

Мэс заслын дараа дараах зовиурууд түр илрэх боломжтой. Зарим тохиолдолд зовиур өөрчлөгдөхгүй үлдэж болно.

  • Хараа бүрэлзэх
  • Оройн цагаар хараа бүрэлзэх эсвэл машин барих үед хараа бүдэг байх
  • Нүдэнд юм торох, аргах, нүд хуурайших (хамгийн элбэг тохиолдоно)
  • Гэрэлд гялбах, гэрэл солонгорч харагдах
  • Нүд улайх

Ховор тохиолдолд нүдний үрэвсэл, эвэрлэгийн хэлбэр эмгэгээр өөрчлөгдөх (эктази), хараа алдах болон лазерын өмнөх хараанаас муу хараатай үлдэх зэрэг хүндрэл үүсч болно.

Мэс заслын үр дүн:

АНУ-д LASIK хагалгааг 1998 онд Америкын хүнс болон эмийн холбоо (FDA) хүлээн зөвшөөрсөн бөгөөд нийт мэс засалд орсон хүмүүсийн 95% нь үр дүндээ сэтгэл ханамжтай байдаг.

Мэс заслаас 3 сарын дараа харааны байдал бүрэн тогтворжино. Гэвч хугарлын гажиг өндөр бол бага зэрэг удаан хугацаа шаардлагатай.

SMILE (Small incision lenticule extraction)

SMILE мэс заслын үед фемотосекунд лазер ашиглан эвэрлэгийн стромын давхаргаас диск хэлбэрийн эдийг салган 2 – 4мм хэмжээтэй зүслэгээр гарган авдаг. Үр дүнд нь эвэрлэгийн хэлбэр болон хугалах хүч өөрчлөгддөг. Зүслэг хийснээс бусад хэсгийн стромын ширхгүүд, Боуманы болон эпителийн давхаргад өөрчлөлт орохгүй.

Давуу тал:

SMILE мэс заслын үед эвэрлэгийн сөхдөс үүсдэггүй учраас сөхдөстэй холбоотой хүндрэлүүд гардаггүй. Маш жижиг зүслэгээр эвэрлэгийн дискийг авдаг учраас эвэрлэгийн гадаргууг маш бага эвддэг. Тиймээс удаан хугацааны хуурайшил үүсэх нь бага байдаг. Мөн мэдрэлийн ширхэг хурдан эдгэрэх учраас эвэрлэгийн мэдээ мэдрэхүй буурах нь бага байдаг гэж үздэг.

Шалгуур үзүүлэлтүүд:

  • 22 эсвэл түүнээс дээш настай
  • Сүүлийн 1 жилд харааны шилний хэмжээ өөрчлөгдөөгүй
  • LASIK мэс заслаар засагдах боломжтой миопи, астигматизм
  • Эвэрлэг бүрхүүл эрүүл байх
  • Ерөнхий биеийн эрүүл мэнд хэвийн байх
  • Жирэмсэн эсвэл хөхүүл биш байх

Мэс заслын эрсдэл, хүндрэлүүд:

  • Гэрэлд гялбах, гэрэл солонгорч харагдах ялангуяа шөнийн цагаар
  • Лазер хийгдсэн хэсэгт үрэвсэл үүсэх
  • Дахин лазер хийгдэх эсвэл харааны шил зүүх шаардлагатай болох

Ховор тохиолдолд хараа алдах болон лазерын өмнөх хараанаас муу хараатай үлдэх зэрэг хүндрэл үүсч болно.

Мэс заслын үр дүн:

SMILE мэс заслыг 2016 онд Америкын хүнс болон эмийн холбоо (FDA) хүлээн зөвшөөрсөн. Мэс заслын дараах үр дүн LASIK мэс засалтай ойролцоо байна.


Ном зүй

www.aao.org

Хоёр харах (хоёрдол) зовиуртай өвчтөнүүдэд үзлэг хийх 4 алхам

Хоёр харж байгаа зовиуртай өвчтөн бүрт анхааралтай үзлэг хийж ялган оношлох хэрэгтэй. Хоёрдол нь буруу харааны шил зүүснээс илэрч болох ч амь насанд аюултай шигдээс ч байх боломжтой. Тиймээс шинээр илэрч байгаа хоёр харж байна гэсэн зовиуртай өвчтөнд дараах 4 алхмын дагуу үзлэг хийнэ.

Торлогийн судасны анатоми, цусан хангамж

Үр хөврөлийн хөгжил

Үр хөврөлийн хөгжлийн үед шилэнцрийн судаснаас торлогийн дотор давхарга болон болор тэжээгддэг. Торлогийн судас хөгжиж эхэлснээр шилэнцрийн судас шимэгдэж эхэлдэг. Харааны мэдрэлээс болрын арын гадаргуу хэсгийн шилэнцрийн судас хамгийн сүүлд шимэгддэг.

Хүүхэн харааны урвалууд

Хүүхэн харааны анатоми

Хүүхэн хараа нь солонгон бүрхүүлийн дунд байрлах бөгөөд нүдрүү орох гэрлийн хэмжээг тохируулдаг. Хүүхэн хараа хэвийн үед 3-4мм хэмжээтэй байна.