Нулимсны зам сэтгүүрдэх

Нүд судлал
Battuya

Төрөлхийн нулимсны замын бөглөрөлтэй 13 сартай болон түүнээс бага настай өвчтөнүүдийн 90%-д сэтгүүрдэх нь дангаараа эмчилгээ болдог.

Насанд хүрэгчдэд нулимсны зам угаах болон сэтгүүрдэх ажилбар нь зөвхөн оношилгооны зорилгоор хийгддэг. Нулимсны зам сэтгүүрдэхийн өмнө хамрын салстын судсыг агшаах цацлага хэрэглэнэ.

00 хэмжээтэй Bowman-ы нулимсны замын сэтгүүрийг хэрэглэхийн өмнө ихэвчлэн нулимсны цэгийг өргөсгөх хэрэгтэй байдаг (Зураг 1). Сэтгүүрийг зовхины ирмэгтэй перпендикуляраар нулимсны цэгээр оруулж дараа нь зовхины ирмэгтэй паралель болгож нулимсны сувганцараар дотор булангийн шөрмөсний чигт явуулна. Нөгөө гараараа зовхийг гадагш татаж нулимсны сувганцрыг тэнийлгэж сувганцрын салстыг гэмтээх болон хуурамч зам үүсгэхээс сэргийлнэ.

Зураг 1. А. Эхлээд зовхины ирмэгтэй перпендикуляр явуулна. В. Нөгөө гараараа зовхийг гадагш татаж сэтгүүрийг хамрын чиглэлд явуулна.

Сэтгүүрийг зовхины дотор буланруу явуулахад эсэргүүцэл (зөөлөн зогсолт – soft stop) мэдрэгдэж, ойролцоох арьс хуниралдаж байвал сувганцрын бөглөрлийг илтгэнэ (Зураг 3). Гэвч ихэнхдээ эсэргүүцэл нь сувганцрын хунираа буюу зөөлөн эдийн бөөгнөрөл үүссэнтэй холбоотой байдаг. Хэрвээ салстын хунираанаас шалтгаалсан бол сэтгүүрийг авч гадна зовхины ирмэгээс татаж байгаад дахин сэтгүүрийг хийнэ (Зураг 2). Хэрвээ сэтгүүр нь нулимсны нэгдсэн суваг болон нулимсны хүүдийгээр амжилттай орвол цааш нулимсны хүүдийн дотор хана болон зэргэлдээх нулимсны ясанд хүрч хатуу зогсолт (hard stop) мэдрэгдэнэ (Зураг 4). Энэ үед сэтгүүрийг 90° хөмсөгний чиглэлд эргүүлж supraorbital notch-н ойролцоо аваачина. Сэтгүүрийг хойшоо болон бага зэрэг гадагшаа чиглүүлж хамар нулимсны сувагруу оруулна.

Зураг 3. А. Bowman-ы сэтгүүр баруун дээд сувганцарт байна. В. Сувганцрын бөглөрөл байвал эсэргүүцэл мэдрэгдэж (зөөлөн зогсолт), ойролцоох арьс хуниралдана.
Зураг 3. Зөөлөн зогсолт
Зураг 4. Хатуу зогсолт

Хэрвээ сэтгүүрдэж байхад мэдэгдэхүйц эсэргүүцэл тулгарч нулимсны хэвийн замаар явж байгаа эсэхэд эргэлзвэл сэтгүүрийг авч дахин хийж үзэх хэрэгтэй. Хэрвээ хуурамч зам үүсгэсэн бол буцаж хэвийн нулимсны замд оруулахад хэцүү байдаг. Хамрын speculum болон толгойн гэрэл эсвэл эндоскопийг доод самалдагийн гадна ханаар оруулж сэтгүүрийн үзүүрийг харах боломжтой. Хүүхдэд хамар нулимсны суваг нь хамрын нүхнээс 20-22мм-т, насанд хүрэгчдэд 30-35мм-т нээгддэг. Хэрвээ сэтгүүр харагдахгүй бол хамрын нүхээр өөр сэтгүүр оруулж хамар нулимсны сувагт байгаа сэтгүүртэй хүрэлцүүлж шалгах эсвэл флюресцейнтэй физиологийн уусмалаар угааж шалгаж болно (Зураг 5).

Зураг 5. Хамар нулимсны замыг угаах.

Эх сурвалж:
1. BCSC section 7, Orbit eyelids and Lacrimal system, 2017